|
|
|
"Амжилт бол амьдралд нэг удаа тохиолддог өөрчлөлт биш өдөр тутмын зуршлын үр дүн юм." - Жеймс Клэр |
|
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛ |
|
МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ Монгол Улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх жишиг индекс 7 хоногт бага хэмжээний өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 35,436.9 нэгжид хүрч 0.1%-ийн өсөлттэй хаагдлаа. ТОП-20 индекс 2023 онд 5.7% буурсан үзүүлэлттэй байна. 2023 оны 9-р сарын 28, 29-ны өдрүүдэд “Invest Gobi 2023” хөрөнгө оруулалтын форум Өмнөговь аймагт зохион байгуулагдаж өндөрлөлөө. Уг форум нь Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй “Шинэ Сэргэлт”, “Хот-Хөдөөгийн сэргэлт” бодлого, Өмнөговь аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны “Нутгийн Хишиг” хөтөлбөрийн хүрээнд аймаг орон нутагт гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготойгоор зохион байгуулагдсан юм.
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ Газрын тосны ханш өссөнөөр төв банкнуудад өндөр инфляцыг зорилтот түвшинд хүргэх дарамт ихээр нэмэгдлээ. Инфляцын дарамт нэмэгдсэний дараа хөрөнгө оруулагчдын зах зээлд итгэх итгэл буурч улмаар АНУ-ын хувьцааны зах зээлийг төлөөлөх S&P 500 индекс 4 дэх 7 хоногоо дараалсан уналтыг үзүүллээ. Ийнхүү 2023 оныг өндөр өсөлттэй эхлүүлсэн S&P 500 индекс 9-р сард 5% орчмын бууралттай хаагдлаа. Хувьцаануудыг салбараар нь ангилбал эрчим хүчний салбарын хувьцаанууд өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ Европын хувьцаанууд 7 хоногт уналттай байлаа. Зах зээлийн уналт нь зээлийн хүү өндөр түвшинд удаан хугацаанд хадгалагдах хүлээлт болон БНХАУ-ын эдийн засгийн хэтийн төлөвт санаа зовниж буй хөрөнгө оруулагчдын санаа зовнилоос үүдэлтэй байлаа. Өнгөрөгч 7 хоногт FTSE 100 индекс 1.0%, STOXX Europe 600 индекс 0.7%-ийн тус тус бууралттай хаагдлаа.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ Газрын тосны ханш өссөнөөр АНУ-ын зээлийн хүү өндөр түвшинд удаан хугацаанд хадгалагдах хүлээлттэй болсон билээ. Үүний нөлөөгөөр Япон улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, NIKKEI 225 индекс 1.7%, TOPIX индекс 2.2%-ийн тус тус бууралттай хаагдлаа. Япон Улс болон АНУ-ын төв банкны бодлогын хүүгийн зөрүүтэй байдал үргэлжилсэн хэвээр байна. Үүнтэй холбоотойгоор иений ханш үргэлжлэн суларч 1 ам.доллар 149 орчим иентэй тэнцэж арилжаалагдаж байгаа нь сүүлийн 11 сарийн хамгийн дээд сулрал болж байна. Иений ханшийг чангаруулахын тулд гадаад валютын зах зээлд интервенц хийх боломжтой гэсэн таамаг үргэлжилсээр байна.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ БНХАУ-ын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 0.7%, CSI 300 индекс 1.3%-ийн тус тус бууралттай хаагдлаа. Намрын дунд сарын Үндэсний баярыг тохиолдуулан БНХАУ-ын хөрөнгийн зах зээл 10 хоног амарч 10 сарын 9-д нээгдэнэ. БНХАУ нь дефляцийн дарамт, залуучуудын ажилгүйдлийн дээд хэмжээ, өндөр өртэй үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт, гадаадын шууд хөрөнгө оруулалт буурч буй зэрэг эдийн засгийн томоохон сорилтуудтай тэмцэж байна. |
Дэлгэрэнгүй |
|
БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ |
|
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ 2023 оны 9-р сарын 25-аас 2023 оны 9-р сарын 29-ний өдрүүдэд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 5,542 ширхэг үнэт цаасыг 539,778,340 төгрөгөөр арилжаалжээ.
ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ өндөр түвшинд удаан хугацаанд хадгалах төлөвтэй байгаа нь АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөж сүүлийн 16 жилийн дээд түвшин буюу 4.59%-д хүрч өсөхөд нөлөөллөө. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.) |
Дэлгэрэнгүй |
|
|
|
|
Холбооны нөөцийн сан 9-р сарын Мөнгөний бодлогын хурлаараа АНУ-ын инфляцын түвшин зорилтот 2.0%-д хүртэл Мөнгөний хумих бодлого баримталсаар байх болно хэмээн онцолсон билээ. Бодлого боловсруулагчид 2023 онд дахин нэг удаа бодлогын хүүг өсгөх, 2024 оны дунд үеэс эхлэн бага хэмжээгээр бодлогын хүүгээ бууруулах төсөөлөлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
АНУ-ын 8-р сарын суурь инфляцын түвшин 4.3% байна. Үүний зэрэгцээ хөдөлмөрийн зах зээл нь хүчтэй буюу ажилгүйдлийн түвшин маш бага байна. Эдгээр 2 хүчин зүйл нь өндөр инфляцын гол шалтгаан болоод байгаа юм.
Энэхүү зах зээлийн нөхцөл байдалд хувьцааны хөрөнгө оруулалтаас илүүтэй бондын хөрөнгө оруулалт хийх нь эрдэл өгөөжийн түвшний хувьд илүү ашигтай байж болох юм. Харин хувьцааны хөрөнгө оруулалтын хувьд бид үйл ажиллагаа нь тогтворжсон хүчирхэг баланстай компани, мөн хиймэл оюун дээр суурилсан технологийн компаниудыг тохиромжтой хэмээн үзэж байна. |
|
ХУВЬЦААТ КОМПАНИЙН МЭДЭЭ |
|
"УЛААНБААТАР БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ 2023.09.29 Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 427 дугаар тогтоол, "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/160 тоот тушаалаар бүртгэгдсэн Нийслэлийн засаг даргын гаргаж буй “Улаанбаатар бонд” өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 12:00-17:00 цагийн хооронд, 10 дугаар сарын 03-ны өдрөөс 04-ний өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо. Дэлгэрэнгүй
"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН" ХК БАЯНХӨНДИЙ АЛТНЫ ТӨСЛИЙН ШИНЭЧИЛСЭН ТЭЗҮ-Г БҮРТГҮҮЛЛЭЭ 2023.09.29 "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци" (TSX:ERD; MSE:ERDN) ХК нь Монгол Улсын баруун ѳмнѳд бүсэд орших ѳндѳр агуулга бүхий, илээр олборлох боломжтой Баянхѳндий алтны тѳслийн хараат бус ТЭЗҮ-ийг 2023 оны 8 сарын 15-ны өдөр эцэслэн, 2023 оны 9 сарын 25-нд баталсан бөгөөд “Bayan Khundii Gold Project, Feasibility Study Update, NI 43-101 Technical Report” (“Техникийн тайлан” эсвэл “ТЭЗҮ”) нэртэйгээр SEDAR-т бүртгүүлжээ. Дэлгэрэнгүй |
|
ЭДИЙН ЗАСГИЙН МЭДЭЭ |
|
|
|
ШИНЖЭЭЧИД БОДИТ ДНБ-ИЙ ЖИЛИЙН ӨСӨЛТ III УЛИРАЛД 6 ХУВЬ БОЛНО ГЭЖ ТААМАГЛАЖ БАЙНА 2023.09.29 Монголбанкнаас хөндлөнгийн шинжээчдийн дунд явуулсан судалгаагаар энэ оны III улиралд инфляц бага зэрэг өсөж 10.1 хувь, эдийн засгийн өсөлт зургаан хувьд хадгалагдах төлөвтэй байна. Шинжээчдийн инфляцын таамаглалын тархалтыг авч үзвэл 2023 оны III улиралд инфляц есөөс 9.9 хувийн хооронд байх магадлал хамгийн өндөр буюу 30.8 хувьтай байгаа юм. Дэлгэрэнгүй
ЕСБХБ 2023 ОНЫ ТӨВ АЗИЙН ДНБ-ИЙ ӨСӨЛТИЙН ТӨСӨӨЛЛӨӨ АХИУЛЖ, 5.7 ХУВЬ БОЛГОВ 2023.09.28 "Төв Азийн бүс нутгийн дотоодын нийт бүтээгдэхүүн 2023 онд 5.7 хувиар, 2024 онд 5.9 хувиар өсөх төлөвтэй байна" гэж Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк мэдээллээ. "Төв Азийн эдийн засаг 2023 оны эхний хагаст өндөр өсөлт үзүүлсэнд олон улсын худалдаа, аялал жуулчлал сэргэж, ОХУ-аас шилжин ирэгсэд болон мөнгөн гуйвуулга ихэссэн нь голлон нөлөөлсөн" гэж тус банкны тайланд онцолжээ. Дэлгэрэнгүй |
|
Товхимлыг бэлтгэсэн: С. Зоригт | Дилер |
|
|